/ / ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЭЛ ДОХИО ТАВЬЖ ХЭРЭГЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЭЛ ДОХИО ТАВЬЖ ХЭРЭГЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ

Хууль зүйн сайдын 2013 оны А/121 тоот тушаалаар батлагдсан "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэж журам"-д заасны дагуу зөвшөөрөл авахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн ЦЕГ-ын Лицензийн төвд албан бичгээр хүсэлт гаргана. Үүнд:
1. Байгууллага, албан тушаалтын хүсэлт,
2. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолоочийн бичиг баримтын хуулбар,
3. Тээврийн хэрэгслийн фото зураг /4 тал нь харагдахуйц байдлаар/.
Техник үйлчилгээний болон харуул хамгаалалтын албад дараах бичиг баримтыг нэмж бүрдүүлнэ. Үүнд:
4. Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар,
5. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
6. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.4 заалтыг жолооч нартаа танилцуулсан тухай баримт.
Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх тээврийн хэрэгсэл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Тээврийн хэрэгслийн урд хамар /капод/, тээшний таганд 350мм*350мм-ээс багагүй хэмжээтэй байгууллагын таних тэмдэг, хоёр хажуугийн хэсэгт MNS-4333:96 стандартын дагуу 90мм*50мм-ээс багагүй хэмжээтэй тоо бүхий харилцах утасны дугаар, 100мм*60мм-ээс багагүй хэмжээтэй үсэг бүхий байгууллагын нэр, үйлчилгээний чиглэл бүхий бичигтэй байна,
2. Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх тээврийн хэрэгсэлд бичигдэх байгууллагын нэр, үйлчилгээний чиглэл, харилцах утасны дугаарыг тухайн тээврийн хэрэгслийн үндсэн өнгөөс ялгарах өнгөөр бичсэн байна. /Энэ шаардлага нь төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд хамаарахгүй/
  
Хууль зүйн сайдын 2013 оны А/121 дугаар тушаалын хавсралт

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЭЛ ДОХИО ТАВЬЖ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэдэг шуурхай ажлын болон төрийн үйлчилгээний тусгайлан тоноглосон тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Төрийн тусгай хамгаалалт, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний алба, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, ослын шуурхай дуудлагын ажил үйлчилгээ явуулдаг байгууллага хамаарч шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэнэ.

1.3. Энэ журмын 2.1-т заасан байгууллага нь журамд нийцсэн таних тэмдэг, бичиг, гэрэл дохиогоор тоноглосон шуурхай ажлын тээврийн хэрэгслийг ашиглах бөгөөд энэ тухай эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч бүртгэлд хамруулна.

1.4. Зөөврийн гэрэл дохиог гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах эрх бүхий албан тушаалтан бусад хөдөлгөөнд оролцогчдод ил харагдах байдлаар хэрэглэж болох бөгөөд хойшлуулшгүй ажиллагаа болон шуурхай дуудлагын тохиолдлоос бусад үед тээврийн хэрэгсэлд байрлуулахыг хориглоно.

1.5. Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн нь орон нутагт ажиллах үедээ тухайн тээврийн хэрэгсэлдээ улаан өнгийн зөөврийн гэрэл дохио тавьж, хэрэглэж болно./Энэ хэсгийг Хууль зүйн сайдын "Журамд нэмэлт заалт оруулах тухай" 2013 оны А/146 дугаар тушаалаар нэмсэн/

Хоёр. Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх

2.1. Энэ журмын 1.2-т заасан байгууллагын тээврийн хэрэгсэлд дараах өнгийн тусгай дуут болон гэрэл дохио тавьж тоноглоно. Үүнд:
2.1.1.  Төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд-хөх;
2.1.2. Цагдаа, дотоодын цэргийн албан ажлын хэрэгцээнд үйлчилдэг тээврийн хэрэгсэлд – хөх-улаан;
2.1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гэмт хэрэгтэнг хуяглан хүргэх, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын (хэргийн газрын үзлэгийн болон цогцос зөөвөрлөх), онцгой байдлын шуурхай албаны тээврийн хэрэгсэлд – улаан;
2.1.4. Хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлд - ногоон;
2.1.5. Цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, ослын шуурхай дуудлагын зориулалттай тээврийн хэрэгсэлд – шар.

2.2.  Тусгай дуут дохионы нотыг MNS 4979:2000 Монгол Улсын стандартаар тогтооно.
2.3. Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх тээврийн хэрэгсэл нь дараах шаардлага хангасан байна. Үүнд:
2.3.1. Тээврийн хэрэгслийн урд хамар /капот/, тээшний таганд 350мм х 350мм -ээс багагүй хэмжээтэй байгууллагын таних тэмдэг, хоёр хажуугийн хэсэгт MNS 4333:96 стандартын дагуу 90мм х 50мм –ээс багагүй хэмжээстэй тоо бүхий харилцах утасны дугаар, 100мм х 60мм-ээс багагүй хэмжээстэй үсэг бүхий /байгууллагын нэр, үйлчилгээний чиглэл/ бичигтэй байна.
2.3.2. Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх тээврийн хэрэгслийн байгууллагын нэр, үйлчилгээний чиглэл, харилцах утасны дугаарыг тухайн тээврийн хэрэгслийн үндсэн өнгөнөөс ялгарах өнгөөр бичсэн байна.
2.3.3 Энэ зүйлийн 2.3.1 дэх заалт нь төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэл, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүний орон нутагт ажиллах тээврийн хэрэгсэлд хамаарахгүй./ Энэ хэсэгт Хууль зүйн сайдын "Журамд нэмэлт заалт оруулах тухай" А/146 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан/

Гурав. Тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох, бүртгэлд авах

3.1. Энэ журмын 2.1-т заасан байгууллага нь тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх тухай хүсэлтээ Цагдаагийн төв байгууллагад бичгээр гаргаж шийдвэрлүүлнэ.
3.2. Байгууллагын хүсэлт, үндэслэлийг хянан үзэж журамд заасан шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг Цагдаагийн ерөнхий газрын дарга олгоно.
3.3. Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг 1 жил хүртэл хугацаагаар олгоно.
3.4. Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл олгосон тээврийн хэрэгслийг Цагдаагийн байгууллагийн туслах тоо бүртгэлд авна.
3.5. Тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглосон тээврийн хэрэгслийн зориулалт өөрчлөгдсөн тохиолдолд тусгай дуут болон гэрэл дохиог авч цагдаагийн байгууллагад мэдэгдэж бүртгэлээс хасуулна.

Дөрөв. Тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох
4.1.Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийн жолооч нь Замын цагдаагийн газраас зохион байгуулах богино хугацааны сургалтад хамрагдсан байна.
4.2.Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэж яваа шуурхай ажлын болон тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг мөрдлөг болгоно.

Тав.Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

5.1. Энэ журмыг зөрчсөн буруутай иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтан хуульд заасан хариуцлага хүлээнэ.
5.2. Зөрчлийн улмаас хураагдсан дуут болон гэрэл дохиог Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах, нийтлэг журам”-ын дагуу шийдвэрлэнэ. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна