/ / НОГООННУУР СУМАНД АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАВ

НОГООННУУР СУМАНД АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАВ

   Тус Цагдаагийн газар нь 2017 оны эхний 10 сарын байдлаар иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс нийт 1880 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.1 хувиар буурсан.

    Аймгийн хэмжээнд 271 гэмт хэрэг бүртгэгдсэн нь улсын хэмжээнд бүртгэгдсэн 26657 гэмт хэргийн 1.0 хувийг, үүнээс орон нутагт бүртгэгдсэн 8889 гэмт хэргийн 3.0 хувийг, баруун бүсийн аймагт бүртгэгдсэн 1322 гэмт хэргийн 20.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36 хэргээр буюу 15.3 хувиар өссөн байна.
Ногооннуур суманд 2017 оны эхний 10 сарын байдлаар 26 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 6 хэрэг буюу 30 хувиар өссөн бөгөөд үүнээс хүний эрүүл мэндэд хохирол учруулах, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, хулгайлах, бусдыг амиа хорлоход хүргэх зэрэг гэмт хэргүүд зонхилон үйлдэгдсэн.

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” аяны хэрэгжилтийг хангах зорилгоор ажлын хэсэг тус суманд ажиллалаа.

    Ажилласан хугацаанд сумын Засаг даргын зөвлөл болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг хуралдуулж, тус сумын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцсон ба зөвлөлөөс сумын төвийг камержуулах, замын тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, хяналтын пост байгуулах, цагдаагийн тасгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргав.

    Мөн сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 118 дугаартай захирамж гаргуулан “Хөршийн холбоо”, “Иргэдийн нийтийн эргүүл”-ийг зохион байгууллаа.

    “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” аяны хүрээнд ажиллаж байгаа хяналтын постын үйл ажиллагаатай танилцаж, тодорхой үүрэг, чиглэл өгөв.

   Сумын иргэдтэй уулзалт зохион байгуулан санал хүсэлтийг сонсож, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна