/ / ДУНДЫН САНГИЙН ЖУРАМ

ДУНДЫН САНГИЙН ЖУРАМ

Нийт бие бүрэлдэхүүний  2020 оны

05 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар

хэлэлцэж, шинэчлэн найруулж батлав.

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН

ХАМТ ОЛНЫ ДУНДЫНСАНГ БАЙГУУЛАХ,

ЗАРЦУУЛАХ ЖУРАМ

 

          Үндэслэл: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны A/248 дугаар тушаалаар баталсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох /код 924/ журам”-ын 924.7.2-т заасныг үндэслэн хамт олны дундын санг байгуулав.

          Дундын сангийн зорилго: Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний хамтач уур амьсгал, сэтгэлгээг хөгжүүлэх, алба хаагч, ажилтанд тохиолдсон баярт мөч болон гачигдал зовлонг хуваалцах, туслах, сэтгэлийн дэм үзүүлэхэд оршино.

 

Нэг.Дундын сан байгуулах эх үүсвэр

1.  Мөнгөний худалдан авах чадвар, үнийн хэлбэлзлээс шалтгаалан офицер, цагдаа, энгийн ажилчдаас сар бүр 10.000 /арван мянган/ төгрөгийг цалин тавьж олгох үеэр хураан авч, дундын  санг бүрдүүлнэ. Алба хаагчдын цалингийн хэмжээ нэмэгдсэн болон зах зээлийн мөнгөний ханшийн өөрчлөлттэй уялдуулан хамт олны хурлаар хэлэлцэж, мөнгөний хэмжээг нэмэгдүүлж болно.

2. Дундын санд хамт олныг шагнасан мөнгө, байгууллагын дотоод журам болон хууль тогтоомжид нийцсэн  ажил үйлчилгээ явуулж олсон орлого зэргийг оруулж болно.

 

Хоёр.Дундын санг зарцуулах хүрээ,хэмжээ

1. Алба хаагч, ажилтны өөрийн болон хадам аав, ээж нас барсан тохиолдолд 200.000 /хоёр зуун мянган/ төгрөг, алба   хаагч, ажилтан  өөрөө  болон эхнэр /нөхөр/, төрсөн болон өргөмөл хүүхдийн аль нэг нь нас барсан тохиолдолд 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийн тусламж үзүүлж, унаа, хүн хүчээр туслана.

2. Алба хаагч, ажилтан өөрөө өвчилж орон нутгийн эмнэлэгт хэвтсэн эсвэл гэр бүл, үр хүүхдээ сахин эмнэлэгт хэвтсэн тохиолдолд жилдээ нэг удаа 50.000 /тавин мянган/ төгрөг /тавин мянган төгрөг/,

Алба хаагч өөрөө Улаанбаатар хотод эмчилгээнд явах бол түүнд тухайн үед мөрдөж байгаа автомашины үнэлгээгээр жилд нэг удаа ирэх, очих зардал 170.000 /нэг зуун далан мянган төгрөг/, эхнэр /нөхөр/, үр хүүхдэд нь нэг талын зардал болох 85.000 /наян таван мянган/ төгрөг тус тус олгоно. Харин гадаад улс оронд шинжилгээ, эмчилгээ хийлгэхэд 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгний дэмжлэг үзүүлнэ.

3. Алба хаагч, ажилтан нь шинээр хүүхэдтэй болсон тохиолдолд 100.000 /нэг зуун мянган/ төгрөгний тусламж үзүүлэх ба харин ихэр хүүхэдтэй болсон тохиодолд хүүхэд тус бүрт 100.000 /нэг зуун мянган/ төгрөгний тусламж үзүүлж,  хамт олны төлөөлөгч эргэж очно.

4. Алба хаагч, ажилтан нь анхны хуримаа хийх тохиолдолд 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийн тусламж үзүүлж, хуримын арга хэмжээнд тухайн алба хаагчийн харъяалах тасаг, албаны төлөөлөл заавал оролцож хүндэтгэл үзүүлнэ.

5. Алба хаагч, ажилтан шагналын журмаар сургуульд явах, цэргийн тэтгэвэрт гарсан тохиолдолд 100.000 /нэг зуун мянган/ төгрөг, дээд шатны байгууллагын шийдвэрээр өөр газарт шилжин томилогдон явах тохиолдолд 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийн тусламж үзүүлнэ.

6. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр “Мартын 8”-ны үеэр эмэгтэй ажилчин, алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд 200.000 /хоёр зуун мянган/ төгрөг олгоно.

7. Аймгийн хэмжээнд хууль хяналтын байгууллагуудын дунд зохион явагдах марш тактик, баруун бүсийн цагдаагийн байгууллагуудын дунд зохиогдох спортын арга хэмжээнд оролцох баг, тамирчдын бооцооны мөнгийг тухай бүр, шаардлагатай эд материал, хувцас /майк, шорт, таних тэмдэг, лого, бөмбөг, гэх мэт/-ны үнийг хоёр жилд нэг удаа олгож болох ба зөвхөн багийн спортын төрөлд оролцож буй тамирчдад хувцас авч өгнө.

8. Бусад төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүнээс хандив тусламж хүссэн албан тоот, хүсэлт ирүүлсэн тохиолдолд цагдаагийн алба хаагч, ажилтан бол 100 000 /нэг зуун мянган/ төгрөг, иргэн бол 50.000 /тавин мянган/ төгрөгний тусламж үзүүлнэ.

9. Хамт олны дундын сангаас олгож байгаа аливаа тусламжийг хамт олны өмнө гардуулж өгч байна.

10.  Байгаль, цаг уурын гэнэтийн аюул осолд алба хаагч, ажилтны гэр орон өртвөл хамт олны хүчийг тухайн үед нь жич зохион байгуулж тусламж үзүүлж болно.

11. Цагдаагийн газраас жил болгон зохион байгуулагдах спортын цогцолбор тэмцээнд 500.000. /таван зуун мянган/ төгрөгний дэмжлэг үзүүлнэ.

 

Гурав. Дундын санг зарцуулах ажлын зохион байгуулалт

          1. Дундын санг зарцуулах ажлын хэсгийг цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний хуралаар хэлэлцэж сонгон ажиллуулна.

          2. Дундын сангийн хуримтлалыг төвлөрүүлэн зарцуулалтыг тооцох ажлыг ажлын хэсэг хариуцана. Сар бүр алба хаагчдын цалинг тавьж олгох үеэр нэгдсэн журмаар мөнгийг хурааж авах ажлыг тасаг, хэсгийн дарга нар зохион байгуулж, ажлын хэсгийн гишүүдэд өгсөний дараа ажлын хэсэг зохих дансанд төвлөрүүлж  хадгаламжинд хийнэ.

          Мөнгийг хугацаагүй болон хугацаатай хадгаламж хэлбэрээр банкинд хадгалуулах ба Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн даргын хяналтанд байлгаж, тэрээр нэгдүгээр, ажлын хэсгийн ахлагч хоёрдугаар гарын үсэг зурна.

          Хадгаламжийн дэвтрийг ажлын хэсгийн ахлагч хариуцах ба гишүүд нь данс эзэмшиж, тооцоо гүйлгээ хийж ажиллана.

          З. Хуримтлалын мөнгийг зарцуулах талаар Захиргааны удирдлагын тасгийн  даргад саналаа танилцуулж, зохих баримтыг бүрдүүлсэний дараа ажлын хэсгийн ахлагч  цохолт хийж,  гишүүд нь данснаас бэлнээр мөнгө авч олгоно.

          Мөн ажлын хэсэг алба хаагчдын бүрдүүлвэл зохих баримтууд болон ямар нэгэн байдлаар зохих тусламжинд хамрагдаагүй алба хаагч байгаа эсэхийг хянах ажлыг биечлэн хариуцна.

          4. Хуримтлагдсан мөнгөний доод хэмжээг 2.000.000 /хоёр сая/ төгрөг байлгаж, түүнээс доош оруулахгүй байхаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана.

          5. Хуримтлагдсан мөнгөний зарцуулалтын тайланг ажлын хэсэг хагас, бүтэн жилээр хамт олонд тайлагнана.

          6. Энэхүү журмыг  2020 оны 05 дүгээр сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөнө.

 

Тав. Бусад

         1.  “Цагдаагийн алба хаагч, ажилтан, тэтгэвэрт гарсан ахмад ажилтан, тэдний ар гэр /эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд/ нас барсан тохиолдолд оршуулгын ажилд автомашиныг 200 хүртэл километрийн шатахуунтай нь олгож  болно” гэх Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Цагдаагийн албанд ашиглагдах тээврийн хэрэгсэлд хяналт тавих /код 809/ журам”-ын 809.3.7 дахь хэсэгт зааснаар тусламж үзүүлж, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Буцалтгүй тусламж олгох /код 932/ журам, “Алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох, хүндэтгэл үзүүлэх /код 933/ журам”-д зааснаар тус тус буцалтгүй тусламж, дэмжлэгүүдийг Цагдаагийн газрын тухайн оны төсөвт хүрэлцэхүйц хэмжээгээр тусгасан нөхцөлд олгож болно. 

 

 

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ

ЦАГДААГИЙН ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна