/ / ГЭРЭЛ БА СҮҮДЭР

ГЭРЭЛ БА СҮҮДЭР

   

    Шинэчлэн баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд 37 хонож байна. Жолооч, явган зорчигч гээд замын хөдөлгөөнд оролцож буй хэн бүхэнд хамаатай зүйл заалтуудыг оруулж, тэдний хариуцлагыг өндөржүүлж, хууль зөрчигчийн халаастай “тулж ажиллах” хууль хэрэгжиж эхэлсэн. Мөрдөж эхлэхээсээ өмнө багагүй сурталчилсны ачаар хуулийн хэрэгжилт давгүй байна. 

    Гэхдээ аливаа зүйл хоёр талтай учир хуулийн хэрэгжилтэд ч сайн, муу зүйл байна. Замын хөдөлгөөнд оролцогч жолооч, зорчигчдын гаргадаг нийтлэг зөрчил хэрхэн буурч, нэмэгдснээр хуулийн хэрэгжилтийг дүгнэж болно. Замын хөдөлгөөнд оролцогчид шинэ хуулийг ингэж хэрэгжүүлж байна.                        

Сайн: Хууль хэрэгжиж эхэлснээс хойш Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирдэг дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад17.7 хувиар буурчээ.
 
Мөн хүүхэд зам тээврийн осолд өртөхөөс бусад осол хэрэг ч 26.2-28.8 хувиар багассан байна. Энэ бол шинэ хуулийн хэрэгжилт сайн байгааг харуулах бодит баримт. Үүний ард хичнээн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хамгаалагдаж байгаа бол. 
Муу: Гэхдээ хяналт султай буюу цагдаа байхгүй газар хууль тун тааруухан хэрэгжиж байгааг албаны хүн онцолсон. Замын цагдаагийн газраас тодорхой арга хэмжээг зохион байгуулж, шаардлага тавьж ажиллаж байгааг ч хэлсэн.
 
Өчигдөр орой явган хүний гарц дээр зогсож байтал хэдэн залуу хажуугаар дайраад гарснаа “Цагдаа, цагдаа байна” гээд буцаад гүйгээд ирэв. Иймэрхүү тохиолдолтой ойрд цөөнгүй таарах болов. Цагдаа байхгүй бол тэдэнд наанадаж хуулиа дагах, цаанадаж амиа хамгаалах ухаан  байхгүй бололтой.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т “Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн явган зорчигчийг 19.200 төгрөгөөр торгоно” гэж заасан. Тэдгээр дүрэм зөрчигч зөвхөн үүнээс л айсан. Шинэ хуулийн энэ заалт тэдний амь нас, эрүүл мэндийг эрсдлээс хамгаалсан. Хууль хэрэгжихээс өмнө явган хүний гарцаар боловч улаан гэрлээр дайрч байгаад амь, нас, эрүүл мэндээрээ хохирдог байсан. 

Муу: Явган зорчигчийн хууль сахиулах асуудал жаахан хүндрэлтэй байгааг албаны хүн онцолсон.  Тухайлбал, явган зорчигчийг торгоход асуудалтай байгаа гэнэ. Замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигчийн олонх нь дүрмээ баримталж байгаа ч хууль зөрчигчид бас байна. 
Сайн: Гэхдээ Замын цагдаагийн газраас олон талт арга хэмжээ хэрэгжүүлж, олон нийтийн болон хэв журмын цагдаагийн алба хаагчдыг гудамж, замд үүрэг гүйцэтгүүлэхээр байгууллагуудтай хамтран ажиллаж буй аж. Мөн жолооч нарын мэдээллийн санг шалгах төхөөрөмжид холбож оруулсан шиг бүх иргэний бүртгэлийг шалгах төхөөрөмжид байршуулахаар ажиллаж байгаа гэсэн. Ингэснээр дүрэм зөрчсөн явган зорчигчийн регистрийн дугаар, овог нэрээр  хайгаад тухайн иргэний бүх мэдээллийг зурагтай нь гаргаад ирэх боломж бүрдэх юм. 
Муу: Гэтэл хууль хэрэгжиж эхлээд нэг сар гаруйн хугацаа өнгөрөхөд бага насны хүүхдийн зам тээврийн осолд өртөх хэрэг зөрчил огт буурсангүй. Зөвхөн нэг хоногт 10хүртэлх насны найман хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдол гарав.
 
Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхгүй, тарахаар нь очиж авахгүй байгаагаас, өөрөө залхуурч ганцааранг нь дэлгүүр явуулснаас болж хүүхэд осолд өртөж байна. 
Хуульд: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.6-т Энэ хуулийн 13.2.7 /эцэг эх, асран хамгаалагч бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийгхаргалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх/ заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг 192 мянган төгрөгөөр торгоно гэж заасан.  

Хүүхдийн аюулгүй байдал, амь насыг хамгаалахаар оруулсан энэ заалт хэрэгжихгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчтай шууд холбоотой.   

Сайн: Харин хууль хэрэгжиж эхэлснээс хойш хамгийн сайн мөрдөгдөж байгаа заалт бол жолооч, зорчигч хамгаалалтын бүсээ зүүж замын хөдөлгөөнд оролцох. Үүний ачаар бүс зүүсэн жолооч, зорчигч ослын улмаас гэмтэж бэртэх, амь насаа алдах нь багасчээ. Есдүгээр сарын байдлаар зам тээврийн осол, хэргийн улмаас 198 хүн бэртэж гэмтсний ес нь жолооч байжээ. 
Муу: Одоо нэг дутагдалтай тал жолооч, урд суудлын зорчигч хоёр бүсээ зүүгээд, арын суудлын зорчигч хамгаалалтын бүс зүүхгүй байгаа юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу бүх зорчигч хамгаалалтын бүсийг зүүх ёстой. Үүний хэрэгжилтийг хангуулахын тулд замын цагдаагийн алба хаагчид хяналт, шаардлага тавиад ажиллаж байна гэж албаны хүн мэдээлсэн. 

Жолооч, зорчигч хамгаалалтын бүс хэрэглэж замын хөдөлгөөнд оролцох тухай өмнө нь жолоочийн үүрэгт байсан ч дагаж мөрддөггүй байсан аж. Одоо хэрэгжиж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч хамгаалалтын бүс хэрэглээгүй бол 9.600 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна гэж заасан бий. 

Сайн: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш согтуу жолооч цөөрсөн.
 
Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө өдөрт 80-100 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, журамлагддаг. Нэгдсэн шалгалтаар энэ тоо 300-400 болж өсдөг байсан бол даруй 40.2 хувиар багасчээ.
 
Муу: Харин сүүлийн хэдэн өдөр билэгт сайн өдрүүд тохиож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил бага зэрэг нэмэгдсэн байна.
 
Гэхдээ цагдаагийн алба хаагчид нэгдсэн болон хэсэгчилсэн шалгалт гаргаж зөрчил дутагдлыг арилгуулан, шаардлага тавьж ажилласнаар болзошгүй осол, аваараас сэргийлжээ. 

Энэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг зөвхөн эрхийг нь хасаад өнгөрдөг орон ганцхан манайх байсан гэхэд хилсдэхгүй. Одоо бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг 384 мянган төгрөгөөр торгож, 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар жолоодох эрхийг нь хасах шийтгэл оногдуулдаг болсон. Дээрээс нь жолоочийн Зөрчлийн бүртгэлийн 10 онооноос 5 нь хасагдана. 

Нэмж хэлэхэд: Торгуулийн хуудас авсан жолооч нар торгуулиа  14 хоногийн хугацаанд төлөх ёстой. Замын цагдаагийн газар бэлэн бус торгуулийн системд шилжсэн учир банкинд очиж төлнө гэсэн үг. Ингэхдээ торгуулийн хуудас дээрх бар кодыг заавал бичих ёстой. Харин торгуулиа хугацаанд төлөхгүй хэтэрвэл харьяа дүүргийн шүүхээс албадан гаргуулах арга хэмжээг авах хүртэл хуульд заасан байдаг.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-10-10
Эрэн сурвалжилж байна